"ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ - ДЭЭД БОЛОВСРОЛ" улсын 2-р зөвлөгөөн өндөрлөв


Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй "ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ - ДЭЭД БОЛОВСРОЛ" УЛСЫН ХОЁРДУГААР ЗӨВЛӨГӨӨН 2018 оны 01 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Дээд боловсролын шинэчлэлийн эрх зүйн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн түншлэлд түшиглэсэн, олон улсын стандартад нийцсэн дээд боловсрол эзэмших шаталсан тогтолцоог бүрдүүлэх, сургалтын хөтөлбөрийг олон улсын түвшинд хүргэж сургалтын чанарыг дээшлүүлэх, багшийн хөгжлийг эрчимжүүлж олон улсын хөдөлмөрийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдөхүйц мэдлэг, ур чадвартай төгсөгчдийг бэлтгэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодруулах зорилготой болж буй "Тогтвортой хөгжил - дээд боловсрол" Улсын хоёрдугаар зөвлөгөөн нь Төрийн ордны Их танхим дахь НЭГДСЭН ХУРАЛДААН -аар эхлэн "Дээд боловсрол-Засаглал эрх зүй", санхүүжилт", "Дээд боловсрол-Сургалтын хөтөлбөрийн шинэчлэл", "Дээд боловсрол-Багшийн хөгжил", "Дээд боловсрол-Оюутны хөгжил", "Дээд боловсрол-Судалгаа, инноваци" гэсэн 5 салбар хуралдаанаар МУИС-ийн номын санд тус тус үргэлжлэн явагдав. "Тогтвортой хөгжил-Дээд боловсрол" Улсын II зөвлөгөөнд 95 их, дээд сургуулийн төлөөлөл болсон 900 орчим багш, судлаач, холбогдох албаны төлөөлөл, бодлого боловсруулагчид оролцон дээд боловсролын салбарт тулгамдсан асуудал, гарц, арга замыг хэлэлцэн зөвлөлдөж, санал бодлоо шүүн хэлэлцлээ. Зөвлөгөөний БАГШИЙН ХӨГЖИЛ  3-р салбар хуралдааныг МУБИС-ийн захирал доктор Д.Мандах, ЭШХАЭ дэд захирал проф. Д.Наранцэцэг нар чиглүүлэн ажиллаж эхний өдрийн хуралдааныг амжилттай удирдав. Зөвлөгөөний үйл явцыг  "ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ - ДЭЭД БОЛОВСРОЛ" УЛСЫН ХОЁРДУГААР ЗӨВЛӨГӨӨН цахим хуудсаар шууд дамжуулан мэдээлэлж байсан ба оролцогчдын санал, сэтгэгдэл, асуулга, зөвлөмжийг анх удаа SLIDO.COM хурлын платпорм ашигласан нь үр дүнтэй бөгөөд шинэлэг ажил болсон юм. Энэ удаагийн дээд боловсролын салбарын 2-р зөвөлгөөнд төрийн ба төрийн бус их, дээд сургуулиуд болон МУБИС-ийн хамт олны төлөөлөл идэвхтэй, өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо. Эрдмийн цагаан буян дэлгэрэх болтугай.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг энэ цахим хуудаснаас үзнэ үү.
http://zuvluguun.num.edu.mn/conf2018/