“СУУРЬ БОЛОВСРОЛЫН БАГШ ХӨГЖИХӨД МХТ-ИЙГ ОНОВЧТОЙ АШИГЛАХ НЬ” төсөл хэрэгжинэ


Японы БССШУТЯ /МEXT/-ны санхүүжилтээр 2017 оны 5-р сараас МУБИС, Токиогийн Технологийн сургууль /ТТС/-ийн хамтран хэрэгжүүлсэн “СУУРЬ БОЛОВСРОЛЫН БАГШ ХӨГЖИХӨД МХТ-ИЙГ ОНОВЧТОЙ АШИГЛАХ НЬ” төслийн хүрээнд Ази, Номхон далайн бүс нутгийн зарим улсын ерөнхий боловсролын түвшин дэх Мэдээлэл харилцааны технологи /МХТ/-ийг ашиглаж буй нөхцөл байдал, дээрх агуулга бүхий бусад зарим төслийн үр дүнг хэлэлцэх бага хурал 2018 оны 01 сарын 25-ны өдөр БСШСЯ дээр боллоо. Бага хуралд JICA –ийн суурин төлөөлөгчийн газрын тэргүүн Сато Мүцүми, ЮНЕСКО-ийн Бангкок-ийн бүсийн төвийн хөтөлбөрийн албаны мэргэжилтэн Пак Жонгви, ТТС-ийн профессор Юмэ Ямагучи, МУБИС-ийн захирал Д.Мандах, нийслэл, дүүрэг, аймгуудын Боловсролын газрын холбогдох мэргэжилтэн, төслийн багийн гишүүд оролцов.

“МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦААНЫ ТЕХНОЛОГИ БОЛОВСРОЛД” ТӨСЛҮҮД ТОВЧ ТОЙМООС:
Япон Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны ЖАИКА байгууллагын санхүүжилтээр Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС), Токиогийн Технологийн сургууль (ТТС)-ийн хамтарсан баг 2012-2017 онд “Бага боловсролын чанарыг ахиулахад мэдээлэл харилцааны технологийг оновчтой ашиглах нь” сэдэвт томоохон төсөл хэрэгжүүлсэн билээ. Энэхүү төслийн үйл ажиллагаа эхлэхийн өмнө 2010-2012 онд Япон Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Технологи, Спортын Яамны санхүүжилтээр “Мэдээлэл харилцааны технологи (МХТ) боловсролд” төслийг дээр дурдсан баг амжилттай хэрэгжүүлсэн нь ЖАИКА-гийн талаас дээр дурдсан урт хугацааны томоохон төсөл дэмжигдэн санхүүжилтийн асуудал нааштай шийдвэрлэхэд чухал хүчин зүйл болсон юм.

Эдгээр төслийн хүрээнд багшийн мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааг дэмжих агуулга бүхий сургалт семинарууд сургууль, аймаг, бүс, үндэсний хэмжээнд хэд хэдэн удаа зохион байгууллагдсаны зэрэгцээ Сургалтын цахим хэрэглэгдэхүүн (DVD) нийт 42, Багшийн гарын авлага 4-ийг тус тус боловсруулан хэвлэн нийтэлж, нийт сургууль, багшийн хүртээл болгосон билээ. Мөн МУБИС-д сургалтын видео студи байгуулан өдгөө хэвийн ажиллаж байгаа нь МХТ-ийг бүх шатны сургалтад ашиглах улмаар багшийн хөгжилд чухал нөлөө үзүүлж байна. “Бага боловсролын чанарыг ахиулахад МХТ-ийг оновчтой ашиглах нь” төслийн явц, үр дүнгийн тайланг 2017 оны 1 дүгээр сард үндэсний хэмжээнд хэлэлцэн дүгнэсэн билээ.

Энэ арга хэмжээнд бүх аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын дарга, мэргэжилтэн, багш нарын төлөөлөл, төсөл хэрэгжүүлэх багийн гишүүд БСШУСЯ-ны зарим удирдлага, Парис дахь ЮНЕСКО-гийн төвийн холбогдох мэргэжилтэн, Монгол улс дахь ЖАИКА-гийн суурин төлөөлөгчийн газрын тэргүүн, ТТС-ийн профессор Юмэ Ямагучи, Такада Жун-ичи нар оролцсон юм. 
Энэхүү хуралдааны үед багш нарын төлөөлөгч ч, аймгийн БСГ- ын төлөөлөгч ч, МУБИС-ийн удирдлага ч, БСШУС-ын сайд ч бага боловсролын түвшинд хэрэгжсэн энэхүү төслийг дунд боловсролын түвшинд үргэлжлүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэж, өөрийн санал бодол, хүсэлтээ илэрхийлж байсан билээ. Төслийн үйл ажиллагаа, үр дүн нь хангалттай сайн хэмээн үнэлэгдсэн болой. Ийм учраас МУБИС, ТТС төсөл хэрэгжүүлсэн багийн холбогдох ажилтан нар МХТ-ийг дунд боловсролын чанарыг ахиулахад оновчтой ашиглах агуулга бүхий томоохон төслийн үндэслэл, баримт бичиг, санхүүжилтийн тооцоо хийж ЖАИКА-д асуудал тавьсанаар уг асуудал 2018 оноос нааштайгаар шийдвэрлэгдэх боломжтой болсон юм.

2017 онд өмнөх төслийн үзэл санаа, үйл ажиллагааг дунд боловсролын түвшинд үргэлжлүүлэх нь 2018 оноос ЖАИКА- гийн санхүүгийн дэмжлэгээр эхлэх томоохон төслийн ажилд таатай нөхцөл бүрдэх чухал ач холбогдолтой байлаа. Иймд ТТС, МУБИС-ийн төслийн багийн холбогдох хүмүүс богино хугацааны (10 сар орчим) төслийн санал боловсруулж Япон улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологи, спортын яаманд хүсэлт тавьснаар уг төсөл зөвшөөрөгдөж, санхүүжилтийн эх үүсвэр баталгаажсанаар төслийн үйл ажиллагаа 2017 оны 5 дугаар сараас эхэлсэн юм. Энэхүү төслийг хойшид “Гүүр” төсөл хэмээв. Гүүр төслийн хүрээнд дунд боловсролын түвшинд багшийн мэргэжил дээшлүүлэх зориулалт бүхий сургалтын дөрвөн DVD хичээлийг математик, хими, дизайн технологи, түүх нийгмийн ухааны сэдвээр боловсруулж, “Багшийн гарын авлага -2017” ном бэлтгэн хэвлүүлж сургууль багш нарын хүртээл болгоод байгаа юм.

2010 оноос хойш хэрэгжсэн болон 2018 оноос хэрэгжиж эхлэх үйл ажиллагааны хүрээнд МХТ-ийг оновчтой ашиглан багшийн хөгжлийг дэмжиж, боловсролын чанарыг ахиулах агуулга бүхий дээр дурдсан төслүүдийн үндэслэл, хэрэгцээ, шаардлагыг тодорхойлж, төслийн баримт бичгийг чамбай боловсруулан холбогдох байгууллагад тавьж нааштай шийдвэрлүүлэхэд ТТС болон МУБИС-ийн төслийн багийн удирдлага, профессор, багш нар, тухайлбал ТТС-ийн Профессор Юмэ Ямагучи, МУИС- ийн захирал асан Р. Бат-Эрдэнэ, Санхүү, Эдийн засгийн дээд сургуулийн дэд захирал Ж.Сүхбаатар нар маш идэвхи зүтгэл гарган үр дүнтэй ажилласныг онцлон тэмдэглэе. Ялангуяа ТТС –ийн профессор Юмэ Ямагучи дээр дурдсан төслүүдийг боловсруулах, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэхэд үнэнхүү чармайн зүтгэж, тавьсан зорилтоо маш амжилттай биелүүлж байгаад бид талархахгүй байх аргагүй юм.