Эрдэм шинжилгээний ажил


Боловсрол судлалын сургууль нь МУБИС-ийн эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэлийг үндэслэн, өөрийн салбар сургуулийн судалгаа, шинжилгээний тэргүүлэх чиглэлийг баримтлан, боловсрол судлалын тулгамдсан асуудлуудыг шийдэрлэхүйц түвшний олон чиглэлийн судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэж, багш боловсролын багш бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд  бүхий л боломж, хүч бололцоогоо дайчлан ажиллаж байна.

Тус сургууль ОХУ–ын Эрхүү, Буриадын их сургууль, БНХАУ–ын ӨМӨЗО–ны Хөх хотын Багшийн их сургууль, АНУ–ын Нью Mексикогийн их сургууль, Английн Эксетерийн их сургууль, Данийн Олон Улсын Боловсролын Хөгжлийн Төв, Японы Олон Улсын JICA байгууллага, Япон улсын Хёого болон Гакүгэй  их сургууль, ОХУ–ын Якутск хотын М. К. Амосовын нэрэмжит улсын их сурууль, ОХУ, Сэтгэл зүйн оношлогооны “Иматон” төв, Солонгос улсын Конгжу үндэсний их сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээтэй бөгөөд хамтын ажиллагааны гол хэлбэр болох олон улсын төсөл хэрэгжүүлэх, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, оюутан солилцох, сургалтын орчинг орчин үеийн түвшинд бүрдүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулдаг.

Ийнхүү өндөр хөгжилтэй гадаад их, дээд сургуулиудтай хамтран оношлогоо, судалгаа, сургалт, зөвлөгөө, судалгаа зэрэг олон талт үйл ажиллагааг явуулах болсон нь манай сургуулийн эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээ судалгааны ажилд чанарын ахиц, дэвшлийг бүрдүүлж байна.

Түүнчлэн манай судлаач багш нар БСШУЯ, Боловсролын хүрээлэнгээс зарласан гэрээт ажлын тендерт баг бүрдүүлэн оролцож идэвхтэй ажилладаг төдийгүй олон улсын шинжтэй эрдэм шинжилгээний хурлыг тухайн хуваарьт жилдээ  өндөр түвшинд,  амжилттай зохион байгуулж байгаа юм.

Эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэлүүд:

·         Боловсролын суурь судалгаа

·         Боловсрол судлал

·         Харьцуулсан боловсрол судлал

·         Боловсрол судлалын түүх

·         Боловсролын удирдлага

Тус сургуулийн эрдмийн зэрэг, цолтой багш нарын тоо нэмэгдэж, эрдэмжилтийн түвшин нэмэгдсээр байна. Үүний тод жишээ нь сэтгэл судлал, арга зүйн тэнхим 100 хувь доктортой болсон амжилт юм.

МУБИС-ийн гэсэн боловсролын “бренд” суурь болон хавсарга судалгааг хөгжүүлэхээр Боловсролын суурь судалганы төв байгуулагдсан билээ. Тус төв дараах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

- “Тогтвортой хөгжлийн боловсрол” хичээлийн  сургалтын хөтөлбөр, хэрэглэгдэхүүн, сурах бичиг

-  “Үйл судлал” хичээлийн  сургалтын хөтөлбөр, хэрэглэгдэхүүн, сурах бичиг

- “Квант  сэтгэл судлал” хичээлийн  сургалтын хөтөлбөр, хэрэглэгдэхүүн, сурах бичиг

- “Хичээл судлал” хичээлийн  сургалтын хөтөлбөр, хэрэглэгдэхүүн, сурах бичиг

Боловсол судлалын сургуулийн Эрдмийн зөвлөлийн даргаар доктор, дэд профессор Г.Цогзолмаа, орлогч даргаар профессор Б.Туяа, эрдэмтэн нарийн бичгийн даргаар дэд профессор Р.Намжилдагва, гишүүдээр  академич Б.Жадамба, профессор О.Мягмар, Ч.Пүрэвдорж, О.Пүрэв, Ш.Ичинхорлоо, Д.Эрдэнэчулуун, Г.Сарантуяа, дэд профессор С.Эрдэнэцэцэг, Г.Батцэнгэл, Т.Цэндсүрэн, Д.Наранчимэг, доктор Г.Баярмаа, Т.Батболд нар ажиллаж байна.